Ардын уран зохиолч, тэмээчин Тангадын ГАЛСАН
1.Аавын минь гэрээс, аян замын даллаас
Миний хүү эр хүн мөнөө батлан их явж байгаарай.
Эмээлт морь уяагаа сахиж гурван сар болбол:
Илжиг шинжийг олдог юм шүү, явж байгаарай
Эр хүн гэрээ сахиж гурван сар болбол:
Эмгэн шинжийг олдог юм шүү, явж байгаарай гэж аав минь захьдагсан. Тэмээнийхээ бэлчээрээс гарах эрхгүй учир: аймгийн төв ч орж чадахгүй байсан цаг үед би үл үзэгдэх гав гинжтэй байжээ. Одоо эрх чөлөөтэй атал: цар тахлын хар гайгаар хотоосоо гаралгүй хоёр жил боллоо. Яаж ингэж ялзрах вэ? Явья гэж эрс шийдлээ.
2.Эрдэнэт зорих хоёр учир.
Аян зам бүхэн бурхантай. Эрдэнэтийн зам: Эгшигт охин тэнгэртэй. Эд баялгийн хэшиг хайрлагч Намсрай бурхантай. Олдой миний бие “Монгол кино” үйлдвэрийн буянаар Эрдэнэтийн түүхийг кино хальснаа мөнхөлсөн 12 бөлөг баримтат кино, “Эхлэл” уран сайхны кино, “Эрдэнэтийн цагаан шөнө” дуу бүтээлцэж явсан уран бүтээлчийн хувьд Эрдэнэтийг алган дээрхь арван хуруу шигээ мэддэг түүхэн гэрчийн нэг. Гэтэл Монголын уул уурхайн ууган хүнд үйлдвэр, улсаа тэжээдэг ганц саалийн үнээг зарчихсан гэдэг үг. Эх оронч монгол хүн бүхний зүрхэнд сум шиг туссан. Тэр бол төр, засгийн толгойд түрийний бөөс шавсан үеийн явдал. Нүд үнэнч, чих худалч. Түүнийг газар дээрээс нь үзье. Магадлая гэж шийдлээ. Энэ бол нэгдэхь шийд. Хоёрдугаарт, “Ачит Ихт” нэртэй аранжин зэсийн үйлдвэр Эрдэнэтэд ажиллаж байгаа. Ажиллагаанд орсноосоо хойш 240 гаруй тэрбум төгрөг улс, орон нутгийн төсөвт оруулсан ч гэх шиг. Чихэндээ итгэхийн аргагүй мэдээг гурван жилийн өмнө сонсож байсан тул, бас тэрхүү саалийн шинэ гунжийг идэх санаатай боохой байдаг тухай мэдээ чих дэлссэн учир Эрдэнэт явахаар шийдлээ.
3.Замдаа шуударлаа
Монголчууд ургах нарнаас өрсөж уртын замдаа шуударваас хийморьт сайн гэдэг. Үд хүртэл унтагсдыг монгол хүн биш гэдэг. Бид монгол бололтой. Гүнтийг даван давхиж өртөө илүү зам товчлоод түм түжигнэсэн их дарданд орж явчихлаа. Улсын их хурлын овсгоотнууд эрхийг нь эдэлж, урд хөршийнхөн шамдсаны буян: “Мянганы зам” мянгуужингийн үлгэр болсонгүй ээ. Эх орон даяарт тэмээн хөсгийн жим маань засмал дардан болжээ. Би баярлав. Гэвч элэгдэхийг үзэлгүй эвдэрдэг. Олон зорчигч осолддогийг яалтай. Тэгээд ч амыг нь арьсаар ширлэж болдоггүй ардын авьяастны нэг нь:
Нарангийн тавьсан дардан
Найман жилийн бат эдэлгээтэй
Нангиадын тавьсан дардан
Найман сарын л лут эдэлгээтэй
Манайханы тавьсан дардан
Найман хоногийн сэт эдэлгээтэй гэж хошигнох билээ дээ.
Алтан шардаа залбираад амь насаа жолоочдоо даатгаад, эртний их танил Эрдэнэтийг зорин давхивай.
4. Хардлага
Өдөр бүр амьдралын хар бараан час улаантай нүүр тулдаг төрийн цагдаа, үнэний эрэлд зүрхээ зүдрээж, тархиа тамлаж явдаг сэтгүүлч хоёрт ав адилхан нь ижилхэн нэг эрх бий. Тэр бол хардах эрх. Нэг. Нэрнээс нь эхлээд хардлаа. Яагаад “Ачит” гэж нэрлээ вэ? Монгол эх орон, ард түмэндээ тэр хамсал (компани) ачтан байж чадах уу Үгүй юу? Ер нь “Ачит” гэдэг бахархалт алдартай юу байдагсан билээ? Увс, Баян-Өлгий аймгийн зааг дахь уулын оргил дахь цэнгэг уст нуурыг Ачит гэдэг дээ. Таван алд хүртэл гүн, хар бараан шаварлаг хөрстэй хүхэрт устөрөгчийн үнэртэй тэр нуур: газарын амьтдад байтугай, тэнгэрийн жигүүртэнд дэндүү ачтай олон салаа садарга нь Ховд голыг тэтгэх төдийгүй, хоёр аймгийн олон сумын хөрсийг угждаг энэхүү гоё нэртэй хамсал тэрхүү Ачит нуур шиг арвин ачтай, үлэмжийн өгөөжтэй байж чадах уу? Бас “Ихт” гэснийг нь яана.
Хоёр. Эрдэнэтийг ЗХУ гэдэг том гүрэний их сангийн рубль, ганц сая хүнтэй бага улсын өчүүхэн бор төгрөгөөр бүтээсэн. Гэтэл ташаагаа тулсан феодалын фо шиг том Эрдэнэтийн дэргэд, пионерийн п шиг үйлдвэр яаж босоод ирэв ээ? Хэний хөрөнгөөр босов? Улсын уутнаас хичнээн их наяд мөнгө суйлсан бэ? Хэд хэдэн банк хаачсаныг хэрээ ч мэддэггүй шаазгай шагширдаггүй. Арай “Ачитынхан” авчихсан юм биш гэж хардах эрхээ эдэллээ. Ер нь малчин Монголын монгол үр сад бие даан ийм үйлдвэр барьж байгуулж чадна гэж үү хэмээн харийн хэнхэг шиг хардлаа.
Гурав. За яахав. Эрдэнэтийн хогон овооны дэргэд тэд байшин барьж чадах л байх. Одоо байшин барих пийшин барихаас амар болсон цаг. Харин монголчууд ямааныхаа нуруунаас цагаан алт самнан авахыг, адуу үхрийнхээ гулуузаар алд урт, амттайхан хиам хийхийг, хониныхоо махаар хорвоод хосгүй хорхог хийхийг чаднаа, чадна. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлыг эрдэнэ болгож чадна гэж үү? Новш гээд хаясан шорооноос ногоон дойлуур ууталж чадна гэж үү хэмээн хөх инээд нь хүрч, ходоодон дотроо ход ход инээгсэд, гадаадад төдийгүй дотоодод олон байсныг би мэднэ. Энэ удаа ч би тэдний эгнээнд жагссаны учир эртний их танил Эрдэнэт хотдоо хардах сэтгэл тээсээр давхин очлоо.
5. Эрдэнэт ямар байна
Их хотод байдаг сайн сайхан бүхэн энд байна. “Эрдэнэт хивс” үйлдвэрээс нь хямдхан аваад, Эрээнд аваачиж их үнэд хүргэхээр яваа овсгоотонтой ч таарлаа. Хөгжимт драмын театрт нь хөнгөхөн бүтээлээн борлуулах санаатай ирсэн уран бүтээлчтэй ч учирлаа. Хүн бүхэн нь нүүрэндээ итгэлийн галтай, дов тойрсон долоон үснийхээ гурвыг хошуувчилсан тайван амгалан төв ихэмсэг хотод түгжрэл алга. Эрдэнэт хайрхан таны аранжин зэс, алт мөнгө нь ийм сайхан хот болжээ. Жилдээ 20 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай аварга үйлдвэр. “Би Азийн байтугай дэлхийн арван том үйлдвэрийн нэг” гэж ханхалзахгүй хэвийн ажиллаж буй нь: даамай том бүхэн даруу байдагийн үлгэр дууриал мэт.
Энэ нутагийн малчны хүү Ж.Гүррагчаа эх дэлхийгээ тойрон сансарт жингүйдэж явахдаа Эрдэнэт хайрханыхаа дээж зэсийн байвангийн уусмалаас аранжин талст үүсгэх судалгаа хийж амжсаныг би бахдан санасаар... 1973 оноос өдий хүртэлх 48 жилийн түүхийг эргэн дурслаа. “Оюутолгой”-гоос 5-6 дахин бага эрдэнэтэй эртний сайхан хайрхан одоо газарын хөрсөн дээр алга хорвоод мөнх юм үгүй гэж бурхан багшийн айлдсан нь туйлын үнэн ажгуу. Миний төрж өссөн феодализм алга. Миний сурч хүмүүнжсэн, цөлөгдөж хатуужсан социализм алга. Бас хоёр том хайрхан газарын хөрсөн дээр алга. Нэгдэхь нь Их Богд хайрханы Битүүт Улиатай хоёрын дундахь вансэмбэрүү ихэрлэн ургадаг ирвэс янгир “эрхлэн” авхаалжаа сорьж суваргалжин хэлбэртэй сарьдаг өеөдөж унаад 64 жил болж байна. Тэр хайрханы дурсгал болж Битүүтэйд Оюу нуур, Номин нуур, Улиатайд ногоон нуур, хар нуур ангир аагиулж, аргаль янгир умдааланхан байна. Хоёрдахь нь Эрдэнэт хайрхан хорин таван давхар олбогон дээр завилан заларсан бурхан шиг бүр жавхаалаг, дүр ихэмсэг хайрхан байсан. Одоо алга. Тэр хайрханыг хааш хаашаа 8 дэлэм том амтай төмөр мангасаар үмхүүлээд л хагас өртөө холд зөөж асгахад тэнгэрт тэмүүлсэн шугуй хэрэмний хурилтай, шувууны үүртэйгээ уруугаа харан асгарч, “хар бурам байна шүү дээ” гээд халбагадаад үмхчихмээр хар шороондоо дарагдан үзэгдэхгүй болдогсон. Түүнийг харсан миний зүрх өвдөж, хэлэн дороо эм дэвсдэгсэн. Их хайрханыг иймэрхүү маягаар нүцгэлсэний эцэст эргэн тойронд нь “овоолго” гэдэг тэртээ оройгүй 12 уул буй болсонсон. Тэрхүү хиймэл уулсыг “хогийн овоо” гэдэгсэн. Билиг танхай кино найруулагч Жамьянсүрэнгийн Сэлэнгэсүрэн, зураглаач Гэсэржавын Маш тэргүүт уран бүтээлчдийг ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар И.Чекашёв гуай элэгсэгээр хүлээн авч уулзсаныг би мартаж чаддаггүй юм. Тэр их хүн Эрдэнэт бүтээн байгуулалтын тухай кино бүтээгч бидэнд баяр хүргээд, бүх талаар туслахыг 7 орлогч захиралдаа үүрэг өгөх нь: яг л Халхын голын дайны үеийн жанжин Жуков шиг онош баттай, эрс шийдэмгий байж билээ. Харин мөнөөх овоолгын тухайд “сор хлам” гэсэн нь монгол хэлний сор дээд дээж биш, халим өөх гэсэн үг биш, “хаяхад гарзгүй новш”, “ үл хэрэглэх үйрдэс” ашиглаж үл болох ловш” гэсэн утгатай байлаа. Эрдэнэтийн монгол талын захирал Жамцын Дорлигжав ч, хотын дарга, орчуулагч С.Цэвээн ч “Их ялалтыг байгуулахад бага сага гарз гардаг шүү дээ” гэж инээж байж билээ. Өнөөдрийн ойлголтоор бол Улаанбаатар нийслэлийг гутааж байдаг Улаан Чулуутын хогийн цэг нь Эрдэнэтийн тухайд 12 овоолго нь юм.
6. “Ачит Ихт” гэж юу байна вэ?
“Эрдэнэт” хотоос өртөө шахам зайд “Эрдэнэт” үйлдвэрээс зүүн урд мөнөөх хэзээ ч хэрэг болохгүй гээд зөөж асгасан 2-р овоолго байна. Тэрхүү овоолго уулсын урд “Ачит Ихт” гэсэн хаягтай авсаархан хэдэн байшин байна. Амьдрал судлах эрх үүргийнхээ шаардлагаар би энэ онд 2 албан багйуулагад хүсэлтээ хүргүүлсэн. Нэгдэхь нь Улсын прокурорт. Хоёрдохь нь “Ачит Ихт” үйлдвэрт. Нэгдэхь нь нэгэн шүүх хурлын хавтаст хэрэгтэй танилцаж уламаар эх хүний хүнлэг сэтгэлийн тухай уран сайхны кино бичих хүсэлт байв. Хоёрдохь нь “Ачит Ихт”-ийг нүдээрээ үзэх хүсэл байв. Төрийн заргач тийм толхи түшмэл гэж би итгэхгүй байна. Түүний нэрийн өмнөөс нэгэн бүсгүй “нууцын зэрэглэлийн хуулийн дагуу үл зөвшөөрнө” гэх утгатай цаас ирүүлсэн. Харин “Ачит Ихт” үйлдвэр “нууцын зэрэглэлгүй” ажээ. Захирал Ариунжаргал, ерөнхий инженер Галсүрэн хоёр нь өвгөн намайг өөрийн өвөө шигээ угтаж үйлдвэрээ үзүүллээ. Сэтгэл нь зөв хүмүүсийн үзэл нь зөв байдаг. Зүтгэл нь зөв хүмүүсийн үйлс нь зөв байдаг. Сэтгэл зөв хүмүүсийн ололт бүхэн нь ил тод байдаг хойно доо. Надаас юуг ч нуусангүй. Эрсэн хүн л олдог. Эвлэсэн хүмүүс л бүтээдгийг эндээс би олж харав. Овоолго-хогийг олзын орд болгож байгааг нүдээрээ үзэв. Монгол залуус дэлхийн төвшний эрдэм мэдлэгтэй, эх орондоо хайртай, бүтээхүй эрдмийн эзэд болсныг бахдав. Уг нь энгийн юм аа. Овоолгоны орой дээгүүр олон салаа хар хаймран судас татжээ. Тэрхүү судасны дотуур мөнөөх дээр дурдсан Ачит нуурын садарга шиг хүхэрийн сулхан уусмал эдгээр судасаар гүйж овоолгод нэвчдэг юм байна. Хялгасан судаснаас эхлээд мөчир судас, титэм судас, амин судсаар цус урсахын ачаар ч эрүүл энх хүн их үйлсийг бүтээж жаргадаг. Яг үүнтэй адилаар хог гэж хаягдсан зэсийн үйрдэс элс шороо мэтийн элдэв найрлагаасаа салж уулын бэлийн хиймэл хавхлагад урсан ирдэг юм байна. “Ачит Ихт” үйлдвэрээ танилцуулсан залуус балансын бус, ядуу агуулгатай овоолго гээд их соёлтой яриад байсан. Надад бол хог юм.
7. Хар хардлага цагаан ундарга болов
Би жаргалд умбав. Учир нь миний сэтгэлдээ тээж ирсэн хар хардлага “Ачит Ихт” үйлдвэрийг үзээд сүүгээр сүлсэн мэт цайрав. Ачитынхан монгол төрийнхөө халааснаас сохор зоос авалгүй, гадаадын зээлээр үйлдвэрээ босгожээ. Хогийг хогшил, овоолгыг олз болгосныхоо хүчээр алдар суут Эрдэнэт аавынх шигээ аранжин зэс үйлдвэрлээд дотоодын бүтээгдэхүүнээр гадаадын өрөө даржээ.
8.Бас дахиад хардлага
Хүний цээжин дотор бурхан, чөтгөр хоёр хоёулаа байдаг үнэн бололтой. Би бас л хардах эрхээ эдлэв. Үйлдвэр байгуулагдаад өрөө дарснаас хойш мөн ч их мөнгө олоо доо. Түүнээс төвөнхийгөө давуулан залгисан нь хэдэн тэрбум бол?
Овтой нь дэндсэн шаар
Оргон зугатаагсадын шийр
Оёос даахгүй хөсрий таар
Оршуулах газаргүй өмхий хүүр бологсдын нэг болоо л биз дээ. Хаанахын дансанд халхын буяныг булшлаа бол гэж хардлаа. Яагаад гэвэл энэ цаг үе чинь дэлхий бүхэлдээ шуналын бузарт галзуураад байгаа шүү дээ. Байгалийн баялгийг нь цөлмөх, түүнийг эсэргүүцэх тулаанд хөөрхий Конго улс: манай хүн амаас хоёр дахин олон иргэнээ алдаад байгаа бурангуй цаг шүү дээ. Манай засаг төрийн тамга атгагсдын нэлээд нь овт шаар болоод одоо нүгэлдээ мэрүүлэн нүдэндээ нуухтай, зүрхэндээ чөтгөртэй тарчилж явна.
9. Үнэний өмгөөлөл
“Ачит”-ийнхныг үнэн өмгөөлөв. Тэд үнэхээр ач ихтэй ажээ. Баримт 1: Дэвжээнээсээ биш дэлхийгээс хөрөнгө босгоод аранжин зэсийн үйлдвэр байгуулчихжээ. Тэр нь гадаадын ганц мэргэжилтэнгүй арваад жил ажиллаж байна. Баримт 2: Мэдлэг дутдаггүй, туршлага дутдаггүй, санаачлага дутдаггүй 220 хүнтэй хамтлаг эв нэгтэй, үр бүтээлтэй ажиллаж байна. Европ тивийн хүн амзүйн нөлөөллийн судалгаагаар Ази тивийн энэхэн ганц хамсалыг авч үзвэл “Ачит Ихт” маань гурван сая хүнийх нь дөрвөн түмийн амь зуулгын ангир уурагтай угж болдог юм байна. Баримт 3: Саяхан Италийн байт харвааны багийг манай мэргэн харваачдын баг 5:2–оор хожиж биднийг баясгав. Тэр бол манай харваачдын бэлтгэл хангах бүрэн талбай тохилог байртай болсны ач. Мөдхөн тэндээс олимпын аварга төрөх найдлагатай. Тэрхүү орчныг бүрдүүлж өгсөн ачтай буянтны нэг нь “Ачит Ихт”.
Баримт 4: 2021 оны 9-р сарын 29-ны энэ өдөр Монгол Улс маань Мөсөн өргөөтэй болж байна. Түүхэндээ анх удаа шүү. Мөсөн өргөө гэж юусан билээ. Усны мөс, хүний мүс хоёр нийлсэн улс гүрэний нийслэлд л байдаг өргөө. Мөсөн өргөө гэж гаднаа ч байгальтай, дотороо ч байгальтай шилтгээн. Тэрхүү аз хийморийн өргөөнд нарыг орлосон байнгын гэрэл гэгээ, сарьдагийн оргилынх шиг мөнх цас, нарсан тужийнх шиг цэнгэг агаар төгс бүрдсэн байдгаараа онцлогтой. Бусад өргөөнд үзвэр үзэгсэд ид шидэт үзвэрээр сэтгэлийн цэнгэл эдлэв ч, элдэв шалдав үнэрт бараг угаартаад тардагийг нуугаад яахав. Мөсөн өргөөнийхөө ачаар тивийн, дэлхийн тэмцээн үзэх, дэлхийн урлаг соёлын том цэнгүүнийг эх орондоо урихдаа монголчууд нүүр улайхааргүй боллоо.
Овоохойд олимп болохгүй шүү дээ. Дэлхийн хэмжээний дээд зэрэглэлийн дэвжээтэй болсон улс л энэ ганц цэнхэр гарагийн эв эеийн бэлгэ тэмдэг, эрдэнэт хүмүүний гоо сайхан, хүч чадал итгэмгүй гоё авьяас онгодын их наадамыг эх орондоо хүлээн авах эрхээр шагнуулна шүү дээ.
Эхлэл нь: Энэ Мөсөн өргөө.
Монгол Улсын анхны Мөсөн өргөөг бүтээгчид нь “Ачит Ихт” хамсалын хамт олон. Тэдний тэргүүн нь Ачит нуурны усаар мал сүргээ , үр хүүхэдээн аршаалсан ард Пунцагийн хүү Цагаан ажээ. Бүтээгсэд зүг итгэж урам хайрладаг, бүрэлгэгсэд зүг хөмсөгөө зангиддаг сайхан цаг өдрөөс өдөрт айсах болтугай.